Ласек мэс засал гэдэг нь? Ласек мэс заслын талаарх бүх ойлголт

ЛАСЕК мэс засал

ЛАСЕК мэс заслын эдгэрэх хугацаа

LASIK болон LASEK мэс засал нь эксимер лазерыг ашиглан хасах, нэмэх хараа, астигматизмыг засах зорилгоор эвэрлэг бүрхүүлийг тодорхой хэмжээгээр зүсэж, хэлбэрийг өөрчилдөг мэс засал юм.

LASEK нь эвэрлэгийн хамгийн гаднах давхарга болох хучуур эдийг хуулж авсны дараа эвэрлэгийн дотоод давхаргыг лазердаж харааг засдаг мэс засал юм. Иймээс LASEK-ийн эдгэрэх хугацаа нь LASIK болон SMILE мэс заслаас урт байдаг.

Мэс заслын дараа: 

  • 2~4 хоног өвдөлт мэдрэгдэнэ

  • Хараа хэдэн долоо хоногийн турш аажмаар сайжирна

  • Бүрэн тогтворжиход хэдэн сар шаардагдана

Эвэрлэгийн хучуур эд дахин нөхөн төлжих 2–3 хоногийн хугацаанд өвдөлт илэрдэг. Өвдөлтийг багасгаж, хучуур эд нөхөн төлжилтийг дэмжихийн тулд мэс заслын дараа ойролцоогоор 5 хоног эвэрлэг хамгаалах линз зүүх шаардлагатай байдаг.

Ласек мэс заслын дараах харааны сэргэлт нь хэдэн долоо хоногийн турш аажмаар явагдана. Зорилтот хараанд хүрэх хугацаа нь хүн бүрд өөр бөгөөд хэдэн долоо хоногоос хэдэн сар үргэлжилж болно. Гэхдээ мэс заслын дараах 3–4 хоногт хараа бага зэрэг бүрэлзсэн ч өдөр тутмын амьдралд саад болохооргүй хэмжээнд хүрдэг.

Эвэрлэгийн зүсэлтийн хэмжээ болон харааны сэргэлтээс хамааран эвэрлэгийг тогтворжуулах стероид дуслыг 3–6 сар хэрэглэх шаардлагатай. Энэ хугацаанд нүдний даралт ихсэх эрсдэлтэй тул тогтмол нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.


ЛАСЕК мэс заслын дараах өвдөлт, шинж тэмдэг

LASIK мэс засал нь эвэрлэгийн гадна хэсэгт нимгэн хавтас (flap) үүсгэж онгойлгоод, лазер мэс заслын дараа буцааж хаадаг тул өвдөлт бага, мэс заслын маргаашаас шууд хараа сэргэдэг.

Харин LASEK мэс засал нь эвэрлэгийн хамгийн дээд хучуур эдийг бүрэн хуулж авдаг тул лазераар зүссэн гадаргуу нь гадна ил байдаг. Ингэж хучуур эдийг хуулж авснаар, арьс шалбарсан үед хорсож өвддөг шиг нүдний гадна давхаргад өвдөлт мэдрэгддэг. 

Мэс заслын дараа 2-3 хоногийн турш нүд гялбах, хорсох, нулимс гарах зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд мөн нүд улайх, халуу дүүгэх зэрэг шинж тэмдэг ч илрэх боломжтой. Ласек мэс заслын өвдөлтийн хэмжээ болон үргэлжлэх хугацаа нь хүн болгонд өөр бөгөөд өвдөлт мэдрэгдэхгүй байх нь ч гэсэн хэвийн хариу үйлдэл юм. Хувь хүний онцлогоос шалтгаалан 1-3 өдрийн ялгаа ажиглагдах боломжтой.


ЛАСЕК мэс заслын дараа эвэрлэг хамгаалах линзийг хэдэн өдөр зүүх вэ?

LASEK мэс заслын дараа эвэрлэгийн хучуур эд байхгүй тул мэс заслын хэсэг шууд ил байдаг. Мэс заслын дараа эвэрлэгийн хучуур эд дахин нөхөн төлжих бөгөөд энэ хугацаанд хараа бүрэлзэж, өвдөлт мэдрэгддэг.

Иймээс өвдөлтийг багасгаж, хучуур эдийг хурдан нөхөн төлжүүлэх зорилгоор эвэрлэг хамгаалах линз зүүх шаардлагатай байдаг. Ихэнх тохиолдолд хучуур эд 3–4 хоногт нөхөн төлждөг тул хамгаалах линзийг 5–7 хоног зүүдэг.

Энэ линз нь өвдөлтийг багасгаж, эдгэрэлтийг түргэсгэнэ. Линз зүүж байх хугацаанд линз унахаас сэргийлж хиймэл нулимсыг ойр ойрхон дусаах нь чухал.


ЛАСЕК мэс заслын хугацаа

LASEK мэс засал нь хоёр нүд нийлээд ойролцоогоор 10 минут үргэлжилнэ.

LASIK-аас ялгаатай нь эвэрлэгийн таславч үүсгэхгүйгээр, зөвхөн хучуур эдийг хуулж аван, дотоод давхаргыг лазердах зарчмаар хийгддэг. Мэдээ алдуулах дусаалга хэрэглэсний дараа хучуур эдийг авч, эксимер лазераар шаардлагатай хэмжээгээр эвэрлэгийг зүсэж харааг засна.

Таславч үүсгэдэггүй тул мэс заслын дараа эмчилгээний хамгаалах линз тавьж эвэрлэгийг хамгаалдаг. Эвэрлэг булингартахаас сэргийлэх зорилгоор митомицин хэрэглэх юм уу, эсвэл эвэрлэг бэхжүүлэх нэмэлт эмчилгээ хийх эсэхээс хамааран мэс заслын хугацаанд бага зэргийн өөрчлөлт орох боломжтой.


ЛАСЕК мэс заслыг хэдэн наснаас хийлгэж болох вэ?

Ерөнхийдөө нүдний өсөлт бүрэн дуусдаг 18 наснаас эхлэн мэс засал хийх боломжтой. LASIK, LASEK, SMILE мэс засал хийлгэх тохиромжтой үеийг шийдэх хамгийн чухал хүчин зүйл бол хасах хараа болон астигматизм цаашид нэмэгдэж байгаа эсэх юм.

Нүдний өсөлт явагдах хугацаанд хараа муудах хандлагатай байдаг ба ихэвчлэн биеийн өсөлт зогсдог 18 наснаас хойш хараа тогтворждог. Гэсэн хэдий ч 18 нас хүрсэн ч, солиод удаагүй нүдний шил дахин тод харагдахгүй болбол хараа үргэлжлэн муудаж байна гэсэн үг тул мэс заслыг хойшлуулж, тогтмол нарийвчилсан шинжилгээ хийлгэж, хараа тогтохыг хүлээх нь зүйтэй. 


Мэс заслын өмнө линз зүүхээ зогсоох

Хараа шалгуулах эсвэл мэс засал хийлгэхийн өмнө:

  • Зөөлөн линз – дор хаяж 3–4 хоног

  • Хатуу линз2 долоо хоног зүүхээ зогсоох шаардлагатай.

Линзийг хангалттай хугацаанд зүүлгүй зогсоосон ч эвэрлэгийн үрэвсэл, хэлбэрийн тэгш бус байдал илэрвэл линз зүйхээ зогсоосон байдлаас, тодорхой хугацаанд давтан шинжилгээ хийж, эвэрлэгийн байдлыг ажигласны дараа мэс засал хийнэ.

Хэрэв дрим линз хэрэглэж байсан бол шинжилгээний өмнө дор хаяж 1 сар линз зүүхээ бүрэн зогсоох ёстой. Учир нь дрим линз нь эвэрлэгийн хэлбэрийг түр хугацаанд өөрчилж, хасах харааг түр зуур бууруулсан байдаг тул эвэрлэг анхны байдалдаа бүрэн орсны дараа л үнэн зөв шинжилгээ хийх боломжтой.

Хангалттай хугацаанд зогсоосон ч эвэрлэгийн хэлбэр тэгш бус хэвээр байвал 2–3 долоо хоногийн зайтай давтан шинжилгээ хийж, өөрчлөлт байгаа эсэхийг шалгах шаардлагатай.

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post